Эрх зүй

Эмнэлгийн мэргэжилтэн нийгэмтэй харилцах горим

2017-06-05 22:30, Үзсэн тоо: 69

Эмнэлгийн мэргэжилтэн нийгэмтэй харилцах горим

6.1 Эмнэлгийн мэргэжилтэн нь Монгол Улсын Үндсэн хууль болон эрүүл мэндийн тухай хууль тогтоомжууд, эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрийг хэрэгжүүлж, хүн амын эрүүл мэндийг дэмжих, хамгаалах талаар төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, хамт олон, өрх бүл, иргэдтэй хамтран ажиллана.

6.2 Эмнэлгийн мэргэжилтэн нь эрүүл мэндийн байгууллагын өмчийн хэлбэрээс үл хамааран өөрийн хувийн ашиг сонирхолоос нийгэм, олон нийтийн эрх ашгийг дээгүүрт тавина.

6.3 Эмнэлгийн мэргэжилтэн нь олон улсын болон халамж, буяны байгууллагууд, сайн санаат иргэдээс эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд зориулан өгсөн тусламжийг зориулалтаар нь ашиглана.

6.4 Эмнэлгийн мэргэжилтэн нь хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, интернэт, телефон утас бусад дам харилцааны хэлбэрээр дамжуулан нийтэд зөвлөгөө өгч буй тохиолдолд эмчилгээ оношлогооны аргыг шууд зааварчлахгүй. Харин тухайн өвчний талаарх ерөнхий мэдээлэл, тусламж үйлчилгээг авахад шаардлагатай лавлагаагаар хангаж болно.

6.5 Эмнэлгийн мэргэжилтэн өөрийн үйл ажиллагааг сурталчилж болно. Сурталчилгаа нь зөвхөн эмнэлгийн мэргэжилтний мэргэжил эзэмшсэн сургууль, зэрэг цол, ажлын дадлага туршлага, үйл ажиллагаа явуулдаг байршил, тусламж үйлчилгээ үзүүлэх хуваарьтай холбоотой үнэн зөв мэдээллийг агуулах ба мэргэжлийн нэр томьёо хэрэглэхгүйгээр энгийн, ойлгомжтой үг хэллэг хэрэглэнэ.

6.6 Эмнэлгийн мэргэжилтэн нь эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхит бүтээгдэхүүний болон оношлогоо, эмчилгээний бусад аргатай холбоотой ташаа, бүрэн бус, ойлгомжгүй, хууль тогтоомж, эрх бүхий байгууллагаас баталсан дүрэм, журам, удирдамжид нийцээгүй мэдээлэл бүхий сурталчилгааны талаар холбогдох байгууллагад мэдэгдэх үүрэгтэй.

Copyrights ©2016.
Вэб хөгжүүлэгч: ЧДЭМТ - ийн МТ алба.