Хүний нөөцийн ил тод

Эмнэлгийн мэргэжилтэн хоорондын харилцааны горим

2017-05-01 22:28, Үзсэн тоо: 103

Эмнэлгийн мэргэжилтэн хоорондын харилцааны горим

5.1 Эмнэлгийн мэргэжилтэн хоорондын харилцаа нь нэг нэгнийгээ дэмжсэн, харилцан хүндэтгэсэн, хамтын ажиллагааны зарчимд үндэслэнэ.

5.2 Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, үр дүнг сайжруулах зорилгоор эмнэлгийн мэргэжилтэн нь мэргэжил нэгт нөхөдтэйгээ чөлөөт, шударгаар өрсөлдөнө.

5.3 Эмнэлгийн мэргэжилтэн нь мэргэжил нэгт нөхөд, эмнэлгийн бусад мэргэжилтний эрхийг хүндэтгэн, нөхөрсөг, шударгаар хамтран ажиллах ба ёс зүйн болон мэргэжлийн алдаа гаргах, үйлчлүүлэгчид хайхрамжгүй хандах, хууран мэхлэх, залилахтай эвлэрэхгүй байхын зэрэгцээ эдгээр үйлдлээс өөрийгөө болон мэргэжил нэгтнээ сэргийлэн ажиллана.

5.4 Эмнэлгийн мэргэжилтэн нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх явцдаа өөрийн санаачлагаар буюу үйлчлүүлэгч, түүний хууль ёсны төлөөлөгч (эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч)-ийн хүсэлтээр бусад эмчийн зөвлөгөө, тусламжийг авч болно.
5.5 Үйлчлүүлэгчид үзүүлэх тусламж үйлчилгээний талаар шийдвэр гаргах үйл явцад эмч нарын хооронд санал зөрөөтэй байдал үүсвэл эцсийн шийдвэрийг эмчлэгч эмч гаргана. Эмч нарын зөвлөлгөөн хийсэн тохиолдолд зөвлөлгөөний шийдвэрийг дагана.

5.6 Эмнэлгийн мэргэжилтэн үйлчлүүлэгчийн талаарх өөрт байгаа бүх мэдээллийг дараах эмнэлгийн мэргэжилтнүүдэд саадгүй өгч болох ба үүний тулд үйлчлүүлэгч, түүний хууль ёсны төлөөлөгч (эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч)-өөс зөвшөөрөл авах шаардлагагүй:

5.6.1 өөрийг нь шууд удирдан ажилладаг эмнэлгийн мэргэжилтэн;

5.6.2 зөвлөх мэргэжилтэн;

5.6.3 тухайн үйлчлүүлэгчийн эмчилгээний асуудлыг шийдэхэд шууд оролцож буй эмнэлгийн мэргэжилтнүүд;

5.6.4 хуулиар олгогдсон эрх бүхий бусад хүмүүс.

5.7 Яаралтай тусламж шаардагдсан үед үйлчлүүлэгч, түүний хууль ёсны төлөөлөгч (эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч) нэгэн зэрэг хэд хэдэн эмч дуудаж, ирсэн тохиолдолд хэн нэгнээр нь үйлчлүүлэх талаар онцлон хүсэлт гаргаагүй бол түрүүлж ирсэн эмч дараагийн мэргэжилтэнд шилжүүлэх хүртэл тусламж үзүүлнэ.

5.8 Сувилагч нь анагаах ухаан, сувилахуйн стандартад нийцээгүй үйлчилгээ, үйлдлийг эмчийн зааврын дагуу гүйцэтгэхээс татгалзах эрхтэй ба хэрэв ийм үйлчилгээ, үйлдэл хийхийг шаардсан, зааварласан тохиолдолд шууд харъяалах дээд албан тушаалтанд мэдээлнэ.

Copyrights ©2016.
Вэб хөгжүүлэгч: ЧДЭМТ - ийн МТ алба.