Хүний нөөцийн ил тод

Эмнэлгийн мэргэжилтний баримтлах ёс зүйн хэм хэмжээ

2017-03-13 22:21, Үзсэн тоо: 106

Эмнэлгийн мэргэжилтний баримтлах ёс зүйн хэм хэмжээ

3.1 Эмнэлгийн мэргэжилтэн нь шинжлэх ухааны мэдлэгт тулгуурлан эрүүл мэндийн тусламж үйлчилгээг төгс үзүүлэхэд өөрийн мэдлэг, чадвар, туршлагыг бүрэн зориулж, хүнлэг энэрэнгүй, шударга ёсны зарчмыг баримтална.

3.2 Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үл ялгаварлан хүн бүрт тэгш, хүртээмжтэй үзүүлнэ.

3.3 Эмнэлгийн мэргэжилтэн нь үйл ажиллагаандаа байгууллагын дотоод журам, тусламж үйлчилгээний стандарт, эмнэл зүйн удирдамжийг мөрдөж ажиллана.

3.4 Эмнэлгийн мэргэжилтэн нь мэдлэг, чадвараа байнга дээшлүүлэн, шаардлагатай үед бусад мэргэжилтнүүдээс зөвлөгөө авч, тэдэнтэй мэдлэг, ур чадвараа харилцан солилцож, шинжлэх ухааны ололт, нээлтийг ажилдаа бүтээлчээр нэвтрүүлэхийг эрмэлзэж ажиллана.
3.5 Эмнэлгийн мэргэжилтэн нь био-анагаахын ёс зүйн холбогдох хууль тогтоомж, дүрэм, журмыг мөрдөнө.

3.6 Эмнэлгийн мэргэжилтэн нь аливаа дүгнэлт, шийдвэрийг бодит байдалд тулгуурлан үнэн зөв гаргана.

3.7 Эмнэлгийн мэргэжилтэн нь эрүүл мэндийн байгууллагын удирдах ажилтан болсноор эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн үүрэг хариуцлага нь өөрчлөгдөхгүй.

3.8 Эмнэлгийн удирдах ажилтан нь ёс зүйн дараах нэмэлт үүргийг хүлээнэ.

3.8.1 Хариуцсан нэгж, байгууллагын түвшинд үйлчлүүлэгчийн мэдээллийн нууцыг хадгалах, хамгаалах нөхцөлийг бүрдүүлнэ.

3.8.2 Эмнэлгийн хязгаарлагдмал нөөцийг шударгаар хуваарилах тухай байгууллагын дотоод журамд тусган хэрэгжүүлнэ.

3.8.3 Байгууллагын хэмжээнд ёс зүйн хэм хэмжээг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, ёс зүйн хяналтын хороо болон салбар хороо, хэсгийн хорооны үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлнэ.

3.8.4 Энэ дүрмийн 7.1-д заасны дагуу эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэхээс татгалзсан эмчийн хүсэлтийг хүлээн авч, шалган, нэн даруй шийдвэрлэнэ.
3.9 Мэдлэг, ур чадвараа хүний эрүүл мэндийн эсрэг ашиглахгүй байх;

3.10 Эмнэлгийн байгууллага, эмнэлгийн бусад мэргэжилтний нэр төр, мэргэжлийн ур чадвар болон үйлчлүүлэгчийн нууцтай холбоотой аливаа мэдээллийг санамсаргүй буюу санаатайгаар хөндлөнгийн хүмүүст болон тэдний дэргэд дэлгэн ярих, шүүмжлэн ярихгүй;

3.11 Мэргэжил, мэргэшсэн давуу байдлаа ашиглан эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэхээс татгалзах, саад тотгор учруулах, санаатайгаар олноороо бүлэглэн эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, стандартыг алдагдуулахгүй байх;

3.12 Эмнэлгийн мэргэжилтэн нь үйлчлүүлэгчийн амбулаторийн карт, өвчний түүх, эрүүл мэнд, эмчилгээ, үйлчилгээний талаарх тодорхойлолтыг хуурамчаар үйлдэх, эсвэл хуурамч бичиг баримтад гарын үсэг зурах, үйлчлүүлэгчийн эрүүл мэндтэй холбоотой бичиг баримтыг нөхөж бичих, засварлах, устгах, хуудас солихгүй;

3.13 Өвчний түүх болон үйлчлүүлэгчийн нууцтай холбоотой бичиг баримтыг үйлчлүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр бусдад дамжуулах буюу ашиглуулахгүй;

3.14 Үйлчлүүлэгчид урьдчилан мэдээлж, зөвшөөрөл авалгүйгээр төлөвлөгөөт мэс заслын явцад эмчийг солих нь ёс зүйд нийцэхгүй;

3.15 Хэвтэн эмчлүүлэгчдэд яаралтай тусламж үзүүлэхээс бусад тохиолдолд эмчлэгч эмчийнх нь зөвшөөрөлгүйгээр өөр эмч үзлэг хийх, тусламж үйлчилгээтэй холбоотой зааварчилгаа өгөхгүй байх;

3.16 Шаардлагагүй тусламж үйлчилгээг зааварчлах, үзүүлэхгүй байх;

3.17 Үйлчлүүлэгч мэс засал хийлгэсэн, эсвэл эмнэлэгт нас барсан тохиолдолд өөрийнх нь болон асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн бичгээр өгсөн зөвшөөрөлгүйгээр түүний эд эрхтнийг авах, зарах, бүрэн бүтэн байдлыг алдагдуулахгүй бөгөөд ийм үйл ажиллагаанд оролцохгүй, энэ талаар зааварчилгаа өгөхгүй;

3.18 Үйлчлүүлэгчид тусламж үйлчилгээ үзүүлэх боломжтой байхад хувийн ашиг сонирхлын үүднээс өөр эмнэлгийн мэргэжилтэн, эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлэхийг албадах, үйлчилгээний тодорхой хувилбарыг үйлчлүүлэгчид тулгах нь ёс зүйд үл нийцнэ;

3.19 Үйлчлүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр түүнийг олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр танигдахуйц байдлаар харуулах буюу бусад хэлбэрээр сурталчилгаанд оруулахгүй;

3.20 Үйлчлүүлэгчийг илт төөрөгдүүлж, худал ташаа мэдээлэл бүхий сурталчилгаа явуулахгүй;

3.21 Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, үр дүн нь тодорхойгүй, стандартын бус, чанарын баталгаагүй эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг дэмжиж сурталчлах, түүнийг оношлогоо эмчилгээнд хэрэглэхгүй, зарж борлуулах, түгээх, үйлчилгээг үйлчлүүлэгчид санал болгож, сурталчлахгүй байх;

3.22 Эмнэлгийн мэргэжилтэн нь үйлчлүүлэгчийн өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр анагаахын болон шинжлэх ухааны туршилтанд хамруулахгүй байх;

3.23 Эмнэлгийн мэргэжилтэн нь үйлчлүүлэгчийг эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах, эрүүл мэндийн байгууллага, эмчээ сонгох эрхээ эдэлж, сонголт хийхэд нь хувийн ашиг сонирхлын үүднээс хандаж нөлөө үзүүлэхгүй байх;

3.24 Эмнэлгийн мэргэжилтэн нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтныг эрүүдэн шүүх, тарчлаан зовоох, харгис хэрцгий харилцах, нэр төрийг нь доромжлох, басамжлах аливаа хэлбэрийг нуун дарагдуулах ба өөрөө оролцох;

3.25 Эмнэлгийн мэргэжилтэн нь эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлснийхээ төлөө үйлчлүүлэгчээс авлига, хууль бус шан харамж, хандив, бэлэг, албан бус төлбөр авахгүй ба үйлчлүүлэгчтэй давхар харилцаанд орохгүй байх,

3.26 Үйлчлүүлэгч болон хамтран ажиллагсдыг бэлгийн дарамтанд оруулахгүй байх;

3.27 Удирдах ажилтан болон эмнэлгийн мэргэжилтэн давуу байдлаа ашиглан байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулах, үйлчлүүлэгч, хамт олон, нийгэмд хор хохирол учруулахуйц үйл ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, бусдыг татан оролцуулахгүй байх;

3.28 Удирдах ажилтан нь эмнэлгийн мэргэжилтнийг мэргэжлийн үүргээ гүйцэтгэх явцад хөндлөнгөөс оролцох, зааварчлах, тулган шаардахгүй байх.

Copyrights ©2016.
Вэб хөгжүүлэгч: ЧДЭМТ - ийн МТ алба.